Life as an International Student

Underwood International College дахь академик амьдрал
Энэхүү блогийг уншиж байгаа танд өглөө, өдөр, оройн мэндийг хүргэе. Миний бие энэ жил хоёр дугаар курсээ төгсөх гэж байна. Эргээд харахад эхний жил маань алдаа оноогоор дүүрэн байжээ. Цоо шинэ орчинд академик амьдрал маань хэрхэн өнгөрч, би яаж дассан талаараа тантай хуваалцъя. Уншихад амар байх болов уу гээд хэд хэдэндэд гарчигт хуваалаа.
UIC-ийн өвөрмөц нэг жил
Манай коллежийн хувьд АНУ-ын либерал арт боловсролын системээр явдаг ба эхний жилдээ оюутан бүр заавал авах ёстой хичээлүүдийг авч, хоёр дугаар курстээ орохоос өмнө мэргэжлээ сонгодог. Миний хувьд дэлхийн түүх дундаа Чингис хааны Монголын эзэнт гүрнээс авхуулаад логик, судалгааны ажил хэрхэн бичих, барууны түүх гэх мэт олон сонирхолтой хичээлүүдийг авч судалсан. Яг үнэнийг хэлэхэд эдгээр хичээлүүд эхэндээ хэрэггүй мэт санагдаж байсан ч судалж дууссаны дараа л яагаад заавал эдгээр хичээлүүдийг судлах ёстой байсныг ухаарав. Би ямар ч мэргэжил сонгож, ямар ч чиглэлээр явсан эхний жилдээ үзсэн хичээл маань ямар нэгэн байдлаар хэрэг болох юм билээ. Тиймээс манай сургуулийг сонирхож буй сурагчид ярилцлагын үе шат дээрээ UIC хэрхэн дэлхийн иргэнийг бэлддэг талаар дурдвал чамд нэмэлт оноо авах боломж бий болно шүү.
Арван жилийн ширээнээс их сургууль руу
Арван жилд байхад багш нар маань хийх ёстой даалгавруудаа л хийчихсэн байхад дүн асуудалгүй гардаг, мөн зарим бие даалт, даалгаврыг хугацаанаас нь хэтэрсэн ч хүлээж авдаг байсныг санаж байна уу? Их сургуульд тийм хайр байдаггүй юм байна лээ. Бүх зүйл заасан хугацаандаа илгээгдэж, маш их цаг зарцуулж, судалгаа шинжилгээ хийгээгүй л бол assignments дээрээ бүтэн оноогоо авна гэж байхгүй. 10 онооноос 8, 9 авчихад гайгүй юм шиг санагдаж байвал том эндүүрэл. Дүнгийн систем нь гуравхан онооны хооронд 0.3 GPA-ээр хэлбэлздэг учраас аль чадахаараа л бүтэн оноогоо авахаар сайн хичээх хэрэгтэй. Миний баримталдаг байсан зарчим маань ямар ч даалгавар байсан чин сэтгэлээсээ сураад авъя гэсэн зорилготой хийх. Тэгвэл бүтэн оноогоо авах магадлал өндөр, дараа нь шалгалтууд дээрээ ч тухайн даалгавраа ашиглаад дажгүй хийчихдэг, бүр бүтэн оноогоо авч чадаагүй байсан ч ямар нэгэн зүйл сурсан юм чинь гээд нэг их тоодоггүй болчихдог. Сурахад суралцсан гэж хэлэхэд болно.
Англи хэл ба айдас
Би улсын сургууль төгссөн учраас зуун хувь Англи хэлтэй академик орчинд орж үзээгүй, багахан айдастай байсан юм. Тэр дундаа бичих чадвар дээр толгойтой үс арзайж байлаа. Гэхдээ айгаад байх зүйл биш байсан байна лээ. Хичээлээ төвөггүй ойлгож, өөрийгөө ч гайгүй илэрхийлж чадаж байсан. Байнга ямар нэг зүйл уншиж байгаа тул түүнийгээ дагаад бичих чадвар ч бас бага багаар сайжирсан. Тиймээс их сургуулийн Англи хэл гэж сүрдэлгүй, өөртөө итгэлтэй байгаарай. Алдаа гаргасан ч гадаад найзууд, багш нар чинь нэг их тоохгүй. Хамгийн гол нь Англи хэл маань муу байх вий дээ гэсэн бодлоос болоод өөрийнхөө хэлэх гэж байсан зүйлийг залгиж л болдоггүй юм шүү. Миний хувьд ахлах ангидаа хаана ч өөрийгөө илэрхийлж сурах чадварт суралцсан учраас нэг их хүндрэл гараагүй. Гэхдээ надаас өөр, ичимхий хүүхэд байвал шууд өөрийгөө нээ гэхээс илүүтэй бага багаар public speaking, discussion-д оролцох чадвараа сайжруулаарай гэж зөвлөе.
Профессоруудын заах арга барил
Манай сургуульд хичээл нь хэрхэн явагддаг вэ гэвэл профессорууд долоо хоног бүр унших материалаа оруулж, бид хичээлдээ очихоос өмнө тэдгээр унших материалуудыг уншчихсан очих хэрэгтэй байдаг (Миний туршлагаас бүх хичээл дээрээ долоо хоногт дунджаар 80 гаруй хуудас материал уншдаг байв). Хэрэв тухайн сэдвийн хүрээнд ямар нэг зүйл уншаагүй бол профессорын асуултад хариулж оноо авч чадахгүй учраас яг багшийн өгсөн материалыг уншиж амжаагүй байсан ч тухайн өдрийн хичээлтэй холбоотой богинохон article олоод унших хэрэгтэй. Энэ нь надад арван жилээс бага зэрэг ялгаатай санагдсан. Ахлах сургуульд бид ямар нэгэн зүйл заавал уншиж очих хичээл цөөхөн байдаг шүү дээ. Харин их сургууль бол тэр чигтээ ӨӨРӨӨ СУДЛАХ. Өөрөө судлаад эргэлзэж буй эсвэл нэмж мэдэхийг хүсэж буй зүйлээ профессороосоо асуудаг. Тиймээс аль болох сониуч байгаарай. Олон зүйл унших тусам л би өөрийгөө юу ч мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг дөө.
Сайн дүн
Миний эхний жилийн дундаж дүн 4.0/4.3 байсан юм. Харин сүүлийн улирал 4.24/4.3. Гэхдээ энэ өндөр дүнг авахад их хичээл зүтгэл шаардсан шүү. Хэрвээ та бакалавраа төгсөөд мастерын зэрэг хамгаалахаар төлөвлөж байгаа бол дүн дээрээ анхаараарай. Сайн дүн наад захын шалгуур нь байдаг гэж би хэд хэдэн хүнээс сонсож байсан. Яг ид шалгалтын үеэр би хэдий сайн бэлдсэн ч зарим Солонгос сурагчдаас доош оноо авах тохиолдолтой нүүр тулж л явлаа. Гэхдээ хичээлдээ их идэвхтэй оролцдог байсан болохоор яг дүн гарах үед зарим профессорууд маань надад идэвхийн оноо нэмж өгөх тохиолдлууд байсан. Тиймээс аль болох идэвхтэй байхыг хичээгээрэй. Мөн хичээлийн эхэнд профессоруудаасаа нэмэлт оноо авах боломжтой эсэх, нэмэлт оноо авдаг даалгавар байгаа үгүйг лавлаж асуугаарай. Гэхдээ хамгийн чухал нь дүндээ бус ЮУ СУРЧ АВСАН БЭ гэдгээ чухалчлах хэрэгтэй юм билээ. Хэрвээ юу сурч авснаа мэдэж байвал шалгалт, бие даалт дээрээ илүү сайн хийх магадлалтай юм шиг санагдсан.
Энэ хүрээд миний бяцхан блог дуусаж байна. Дараагийн блогоороо уулзацгаая!- Yonsei University 100% тэтгэлэгтэй, IELTS 7.5, SAT 1430 оноотой, Абсолют төвийн төгсөгч Б.Цолмон
Амжилт хүсье, Absoluters!