Life as an international student - Ritsumeikan University

Сайн байцгаана уу? 😊
Намайг Урангоо гэдэг. Би одоогоор Япон улсын Киото хот дахь Ritsumeikan их сургуулийн олон улсын харилцаа болон хууль зүйн чиглэлээр суралцаж буй 1-р курсийн оюутан. Энэ блог гадаадад суралцах мөрөөдөлтэй эсвэл яг одоо Японд суралцах гэж төлөвлөж буй хэн нэгэнд миний түүх, туулсан зам, зөвлөгөө бага ч гэсэн тус болно гэж найдаж байна.
Анхнаасаа англи хэлтэй байгаагүй ч, зорилгодоо хүрэхийн тулд анхан түвшнээс эхлэн бэлдэж, одоо гадаадад тэтгэлэгтэйгээр суралцаж буй миний бяцхан түүх билээ. Энэ блогоороо дамжуулан би англи хэл сурсан арга, Япон дахь оюутны амьдрал, сургуулийн орчин, тулгарсан сорилт, тэднийг хэрхэн давсан тухайгаа хуваалцна.
Эхний алхам - Англи хэл
Миний хувьд 10 жилдээ улсын сургуульд л сурж байсан болохоор англи хэлийг нэг их анхаарж үздэггүй хичээлийн жил болгоны эхэнд гарж ирдэг Present simple ээ ярьсаар түүнийгээ ч бүрэн эзэмшиж чадалгүй нэг л мэдэхэд 11-р анги болчихсон байж билээ. Гадаадад сурна гээд том зорилго тавьчихсан ч хаанаас эхлэхээ ч мэдээгүй явж буй үе л дээ. 11-р ангийн өвлийн амралтаар Absolute сургалтийн төв дээр англи хэлний анхан түвшнээс эхлэн хичээллэж, нэг жилийн дараа IELTS өгөх зорилтыг өөртөө тавин тууштай хичээсэн. Цаг маань тулчихсан байсан болохоор хэдийгээр анхан түвшинд явж байгаа ч тогтмол IELTS speaking practice гэх мэт бичлэгүүд Youtube-ээс байнга үзэж бэлддэг байсан. Ер нь одоо байгаа түвшнээ гололгүйгээр байгаа бүх боломжоо ашиглаад багшийн өгсөн даалгаврыг хийхээс гадна чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа нь хэл сурахад маш том нөлөө үзүүлдэг санагдсан шүү. Absolute дээр хичээлээс гадуурх давтлагыг өөртөө ажил болгоод зав чөлөөтэй бүх үедээ очиж суухыг хичээдэг байсан, хамгийн их айдаг байсан анги маань Ярианы анги. “What did you do this morning?” хамгийн эхний хичээл дээр асуугдсан энэ энгийн асуулт ч эхэндээ хүнд санагдаж, дотроо за дахиж л ярианы хичээлд суудгүй юм шүү гэж бодсон ч маргааш нь speaking class орох давтлагын өрөөны гадаа дахиад л зогсож байсан юм. Энэ мэтчилэн явсаар миний англи хэл хамаагүй сайжирч англи хэл гэх айдсаа давж чадсан юм.
Их сургуульд орсон анхны сэтгэгдэл
Яг анх их сургуульд ороод шууд л бүх юмаа мэддэг том хүн болчихно гэж бодсон ч санасан шиг минь байгаагүй. Хүүхэд хэвээрээ гэхдээ үүрэг хариуцлага гэнэт л асар их болчихсон мэдрэмж авдаг юм билээ. Хичээлүүд орж эхлээд эхэндээ учраа олохгүй нэг л төөрөлдөөд байх үедээ сэтгэл санаа тогтворгүй болж яг зөв газраа ирсэн үү гэж эргэлзэх, надаас бусад нь л бүгд ухаантай юм шиг санагдаж эхлэх айдас гэх мэт мэдрэгдэж эхэлсэн. Харин тэр үед найзуудтай болох нь хамгийн чухал юм шиг санагдсан. Хэрвээ чи Япон, Солонгос, Хятад зэрэг оронд сурахаар явж байгаа бол тухайн улсын хэлээ сурахаас гадна англи хэл болон бусад хэлүүдийг давхар мэддэг байх нь олон орны оюутнуудтай дотно найзлахад илүү хялбар болгодог. Мөн дээд курсийн ах эгч нараасаа ойлгохгүй зүйлээ асуух нь маш хэрэгтэй тэд ч бас яг энэ замаар туулж ирсэн болохоор илүү бодит, хэрэгтэй зөвлөгөө өгч чаддаг юм билээ.
Найзуудтай болж байх үедээ хамгийн ихээр анзаарсан зүйл маань гадаад хүмүүс Монголын талаар ер нь сайн мэддэг, зарим нь бүр надаас ч илүү мэдлэгтэй санагддаг байсан. “Хөөх, чи миний уулзаж байсан хамгийн анхны Монгол хүн байна!” гэж ирээд л, Монголын тухай маш их зүйл сонирхон асуудаг. Тэгэх бүрт би Монголын түүх, соёлын талаар мэдлэг дутмаг байгаагаа мэдэрч, тэр үеэс эхлэн илүү гүнзгий судалж байгаа. Судлаад эхлэхээр Монголын түүх үнэхээр баялаг, сонирхолтой санагддаг шүү. Тийм болохоор хэрвээ та нар ч бас сайн мэддэггүй бол судлаад үзэхийг зөвлөж байна. Мэдлэг хэзээ ч илүүдэхгүй. 10 жилд байхад зарим хичээлийг шаардлагагүй мэт бодоод төвөгшөөдөг шүү дээ, гэхдээ эргээд харахад яриад өнгөрсөн түүх, жижигхэн мэдлэгүүд хүртэл хэзээ нэг өдөр хэрэг болдог юм билээ.
Их сургуулийн профессор
Их сургуульд орсны дараа хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол профессор багш нар 10 жилийн багш нар шиг чинь биш юм байна лээ. Оюутнууд олон, ангиуд ч олон тул багш нар хүн бүрийг тусгайлан мэдэх боломжгүй. Тиймээс ч хэн нэгэн хичээлээ хийж байна уу, үгүй юу гэж хойноос чинь явахгүй. Хэрвээ чи цагтаа хичээлээ хийгээгүй бол тэр нь чиний л хариуцлага болж хувирна. Зарим профессор бүр 10 минут хоцорсон ч хичээл тасалсанд тооцдог учраас өөрөө маш сайн хянуур байж, цаг баримталж сурах шаардлагатай болдог.
Мөн профессор бүрийн заах арга барил өөр өөр байдаг тул хичээл эхэлмэгц syllabus-тай нь сайн танилцаж, тухайн хичээлд хэрхэн оролцох ёстойгоо ойлгож авах нь маш чухал. Манай сургууль судалгааны ажлыг маш нухацтай хүлээж авдаг учраас эхэндээ мэдэхгүй, хийж үзээгүй зүйлстэй нүүр тулгарах үе олон байсан. Ийм үед профессор бүрийн office hour-ыг ашиглаж, ойлгохгүй зүйлээ шууд асууж байх хэрэгтэй. Мөн профессор багштайгаа мэнд устай, ойлголцол сайтай байж чадвал олон төрлийн боломж нээгддэг. Жишээлбэл, манай 1-р семестрийн профессор маань надад өөрийнх нь судалгааны ажилд туслах цагийн ажил өөрийн биеэр санал болгож байсан. Энэ нь надад маш том боломж олгосон. Түүнчлэн сургуулиас тэтгэлэг, сонгон шалгаруулалттай хөтөлбөрүүд зарлах үед, ихэнхдээ мэддэг, анхаарал татсан, хичээлдээ идэвхтэй оюутнуудаа санал болгодог.
Тиймээс их сургуульд идэвхтэй оролцож, багш, найзуудтайгаа сайн харилцаатай байх нь зөвхөн хичээлээ л хийхээс илүү олон боломжийг нээж өгдөг юм билээ.
Энэ хүрээд миний блог дуусаж байна. Гадаад явахаар төлөвлөж байгаа, сурахаар бэлтгэлээ хийж байгаа бүх хүүхдүүддээ амжилт хүсье!
- Ritsumeikan University-д тэтгэлэгтэй, IELTS 7.0, SAT 1460 оноотой, Абсолют Элит сургуулийн төгсөгч У.Урангоо