The story of how I prepared to study abroad

Сайн байцгаана уу? Намайг Болорчимэг гэдэг. Би одоо АНУ-ын Albion Liberal Art College-д суралцаж буй нэгдүгээр курсийн оюутан. Энэ нийтлэлээрээ та бүхэндээ Америк сургуульд суралцах ямар байгаа мөн хэрхэн бэлдэж ирсэн бяцхан түүхээсээ хуваалцъя.

Зорилго
Хэрэв гадаадад сурахыг хүсэж байгаа бол эхлээд ямар улс, ямар сургууль, мөн ямар мэргэжлээр яагаад сурахыг хүсэж буй түүнчлэн сургуулиа төгсөж ирээд ямар ажлын байран дээр гарахад гадаадад сурсан минь давуу тал болох вэ? гэдэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй байх. Учир нь ихэнхи хүүхдүүд гадагшаа л явчихвал бүх зүйл сайхан болчих мэтээр төсөөлдөг. Би ч бас Personal statement, supplemental эсээгээ бичих хүртэл тийм байсан кк.
Төлөвлөгөө
Бүх зүйлсийг жагсааж төлөвлөх.
Нэгт. Юу хүсэж байгаагаа тодорхойлсон бол тухайн сургуульдаа тэнцэхийн тулд ямар шалгалт хэрэгтэйг судлах. Өргөдлөө явуулахад шаардагдах бүх зүйлсийг тодорхой төлөвлөж гаргах нь цаг хугацааг үр дүнтэй ашиглахад тусалдаг. Миний хувьд IELTS, SAT, DUOLINGO бэлдэж байсан. Шаардлагатай шалгалтуудаа маш сахилга баттай эртнээс удаан хугацааны турш бэлдэх нь зөв. Боловсролын сангийн зээлд ч материалаа өгөхөд өндөр оноо давуу тал болдог юм билээ. Өргөдлөө илгээх хугацаа дөхлөө гээд яарч өгч болохгүй, өдөр бүр давтаж, тайван байх нь хүссэн оноондоо хүрэхэд тусалдаг юм билээ. Хоёрт. Сургуулиа сонгохдоо амьдрах орчин аюулгүй байдал болоод гадаад оюутнуудад хэр хэмжээний тэтгэлэг олгодгийг сайтар судлаарай. Америкийн ихэнхи сургуулиуд гадаад оюутнуудад дээд талдаа 70-80% тэтгэлэг олгодог ч үлдэгдэл төлбөр маш өндөр ойролцоогоор 30.000$-40.000$ байдаг. Мэдээж safety сургуулийн төлбөрийг ээж аавтайгаа ярилцаж байвал сайн. Энэ зардалд визний хураамж, онгоцны тасалбар, хэрэглээний мөнгө багтана. Гуравт. Америкийн их сургуульд өргөдлөө явуулахад Common App, CSS Profile бөглөдөг. Сургууль тус бүр өөрийн гэсэн онцлог, зорилттой байдаг. Эсээгээ бичихдээ тус онцлогтой нь уялдуулж бичвэл давуу талтай. Сургууль хэр хэмжээний financial aid өгөхөө CSS Profile харж шийддэг тул үүнийг үнэн зөвөөр бөглөөрэй. Дөрөвт. Extracurricular activities буюу сайн дурын ажил хийхдээ чамд нөлөө үзүүлсэн, ямар нэгэн зүйлд сургасан байх эсвэл удаан хугацааны туршид бусдад нөлөөлсөн ажил байх хэрэгтэй. Энэ нь сургуульдаа ирээд тэдэнд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг харуулдаг.
Сахилга бат
Нэгэнт олон шалгалт бэлдэж, өргөдлөө явуулж эхэлсэн л бол аль болох олон сургуульд материалаа илгээж, боломжоо их байлгаарай. EA, ED хугацаагаар явуулчихлаа гэж амарч болохгүй, эсээгээ улам сайжруулж, сургууль руугаа байнга имэйл бичиж, Admission Counselor-уудтайгаа холбоотой байвал танидаг болчихдог юм билээ кк. Татгалзсан хариу авлаа гээд орхиж болохгүй, тууштай байх нь санасан зүйлд хүргэдэг гэж итгэдэг дээ.
Сэтгэл зүй
Миний хувьд ахлах сургуулиа төгсөөд СЭЗИС-д нэг жил сурсан. Энэ хугацаанд их сургуулийн хичээл, профессор багш нартайгаа харилцах гээд basic зүйлсийг сурсан нь энд ирээд дасахад маш дөхөм байсан. Гэхдээ нэг жилийн хугацаанд эцэг эх маань монголдоо төгсөөд мастераа гадагшаа хийхийг зөвлөж, олон хүмүүс өөрсдийн бодлыг тулгаж, маш олон зүйлд санаа зовж, найзуудаасаа ганцаараа үлдсэн мэтээр мэдэрдэг байсан. Өргөдлөө бэлдэх явцад маш олон стресстэй нүүр тулдаг, энэ үеэр өөрийгөө сонсож эхэлдэг юм шиг санагдсан. Зарим үед том хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй ч, үеийн хүүхдүүд илүү ойлгодог. Тиймээс адилхан зорилготой найзуудтайгаа хамт бэлдвэл асуудлыг хамтдаа ярилцаад, шийдчихдэг. Мөн сонирхол, хоббигоо хөгжүүлэх нь стрессээ тайлах нэг арга. Ямар ч үед сэтгэлээр унасан л бол ганц хоёр өдөр амарчихвал асуудал амархан шийдэгдэнэ. Би 7 сургуульд тэнцэж сонголтоо хийхэд Мөнхөө захирал Заяа багш хоёр маань надтай чин сэтгэлээсээ ярилцаж, зөвлөгөө өгсөн нь сонголтоо хийхэд маш том нөлөө болсон. Хэдийгээр миний асуудал дуусаагүй, сургуульдаа тэнцээд явахаар болсон ч, виза маань татгалзаж байсан ч би маш зоригтой шийдвэрүүдийг хийсэн л дээ. Ойр дотнын бүх хүмүүсийн анхаарал над дээр төвлөрч, ярилцлагандаа унасан гэдгээ ээж аавдаа хэлэхээс айж, ганцаараа шийдэхээр оролдсон. Гэхдээ итгэлээ алдахгүйгээр 24 цагийн дараа дахиж DS-160 бөглөөд цаг авсан боловч нисэх өдрөөс маань сарын дараа цаг байсан. 30-60 минут тутам сайт руу нь ороод л сул цаг гарахыг хүлээж эцэст нь 7 хоногийн дараах сул цаг аваад нислэгээ 4 удаа хойшлуулж, дахин ярилцлаганд орсон. Энэд дурдаагүй маш олон бүтэлгүйтсэн түүх зөндөө бий. Гэхдээ миний ойлгосон зүйл бол өөртөө үнэнч байхад хүссэндээ заавал хүрдэг юм байна лээ.
Америкт ирээд
Энэд бүх зүйлс нээлттэй. Би анх хичээл дээрээ мэдэхгүй зүйлсээ асуухаас санаа зовдог байсан. Ойлгоогүй үлдсэн өгүүлбэр байсан ч багш нар тайлбарлахдаа дуртай байдаг. Профессоруудтайгаа уулзах цаг байдаг болохоор дуртай сэдвээрээ ярилцаж, давтаж болно. Мөн сурагч багш нар ч байдаг. Улиралд дөрвөн хичээл авдаг болохоор тийм ч ачаалал байхгүй, харин өөртөө зарцуулах цаг хугацаа маш их гардаг. Хичээлээс гадуур үйл ажиллагаа их байдаг, ганцаараа яваад байвал илүү ганцаардах болохоор хэнтэй ч хамаагүй танилцаад хамт хичээлээ хийх үү, gym орох уу гээд л найзууд болоорой. Хичээлийн амралтаараа өөр хотуудаар аялж, сургуулиараа тоглоомын төв, музей, усан парк гээд олон газар явдаг нь хамгийн сонирхолтой. Заа тэгээд миний түүхийг уншсан та бүгдэд баярлалаа. Энэ хүртэл явахад Абсолютын багш нар, advisor, менежер эгч нар, маркетингийн менежрүүд гээд хүн бүр надад чин сэтгэлээсээ тусалж, намайг чиглүүлсэн юм шүү. Эцэст нь өөртөө итгэлтэй бас хөдөлмөрч байгаарай найзуудаа.